card

"Хөвсгөл нуур-Хамгаалал" Хэлэлцүүлэг 2020

Далай Ээж төслийн хүрээнд Олон талт хэлэлцүүлэг 2020.09.22-ны өдөр зохион байгуулагдлаа.

Эко Соёл Сан, Хөвсгөл далай ээж нийгэмлэг ТББ, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран хийсэн “Хөвсгөл нуур-Хамгаалал” олон талт хэлэлцүүлгийг дэмжин Түгээмэл Эрх Хөгжил ТББ идэвхитэй оролцлоо.  “Хөвсгөл нуур хамгаалал” хэлэлцүүлэгт БОАЖЯ, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, МУИС, МБОИЗ, АЖХ, УЦУОШГ, Азийн Хөгжлийн Банкны Усны чанарын хяналтын төсөл зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтэн, судлаач эрдэмтэд, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захиргаа, нутгийн иргэдийн төлөөлөл оролцсон юм.  Хэлэлцүүлгээр Хөвсгөл нуур, түүний байгаль экологид гарч байгаа өөрчлөлт, тухайн бүс нутгийн уугуул иргэдийн эрх ашиг, хамгаалал, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.  Түгээмэл эрх Хөгжил ТББ нь байгаль орчны чиглэлийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран  2019 онд Хөвсгөл нуурыг хамгаалах “Далай Ээж” олон улсын төслөө эхэлж, соёлын болоод бусад арга хэмжээг хоёр долоо хоногийн турш Улаанбаатар хот, Хөвсгөл аймагт зохион байгуулж байсан билээ. Далай ээж төсөл хоёр дахь жилдээ энэхүү хэлэлцүүлгээр үргэлжилж байна.                                                                                                                                    

Тус хэлэлцүүлгийн үеэр Далай Ээж төслийн 2019, 2020 оны үйл ажиллагааг харуулсан фото зургийн үзэсгэлэн гарсан юм.  Дараагийн хэлэлцүүлгийн Хөвсгөл аймгийн Засаг ларгын тамгын газартай хамтран Хөвсгөл аймагт хийх талаар оролцогчид санал солилцов. Монгол улсын цэвэр усны нөөцийн эх булаг болсон Хөвсгөл нуураа хамгаалах ажил өргөжин дэлгэрэг!

 

"Далай Ээж Эко Соёлын Аян" 2019

Аяны үйл ажиллагааг фото, видео галерейгаас дэлгэрэнгүй сонирхон үзнэ үү.

 Түгээмэл Эрх Хөгжил ТББ-ын зүгээс байгаль хамгаалал, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол орны цэвэр усны нөөцийн 74 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 0.2 хувийг дангаараа бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг НҮБ-ын ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх ажлыг сурталчлах зорилготой ”Далай Ээж” Эко-Соёлын Аян - 2019 олон улсын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү аяны хүрээнд Монгол, Австрали, Непал, Англи, Шинэ Зеланд, АНУ, Пакистан зэрэг улсын байгаль хамгаалагч, зураач, дуучид, хөгжимчид, эрдэмтэн судлаачид, хуульчдаас бүрдсэн баг 2019 оны 7 дугаар сарын 05-19-ний өдрүүдэд Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал гэсэн чиглэлээр 2 долоо хоногийн турш Эко-Соёлын арга хэмжээ үргэлжилсэн юм.

Эко Эмэгтэйчүүдийн Анхдугаар Чуулган 2019

Чуулганы хөтөлбөр болон Хөвсгөл нуурыг Дэлхийн байгаль-соёлын өвд бүртгүүлэхээр чуулганаас гаргасан уриалгын бүрэн эхийг сонирхоно уу!

                                       

      Хүн төрөлхтөн бид байгаль эхийн салшгүй нэг хэсэг, эд эс нь билээ. Гэвч сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж ундны усны хомсдол, цөлжилт, гол нуур олон зуун мянгаараа ширгэж үгүй болох, зэрлэг ан амьтдын тоо эрс буурах зэргээр байгаль эх сульдан доройтох үйл явц ажиглагдсаар байна.

Байгаль эх-эмэгтэй хүн. Энэ хоёр үг ерөөс салшгүй, нэг нь үгүй бол нөгөө нь оршин тогтнох боломжгүй билээ. Тиймээс байгаль эх маань хүн төрөлхтний буруутай үйл ажиллагааны өмнө хүчин мөхөсдсөн энэ үед эмэгтэйчүүд бид сэрэх цаг болжээ.

Бид үр хүүхдээ нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг, гэр бүлээ аз жаргалтай амьдруулахын төлөө сэтгэл зүрхээ зориулдгийн адилаар байгаль дэлхийдээ ч энэ сэтгэлээ зориулах үе иржээ.

Эмэгтэйчүүд ээ!

Дэлхий дахин ногоон замыг сонгосоор байна. Усаа арвилан гамнаж, ургамал амьтдаа цэцэглүүлэн үржүүлэхээс эхлээд ахуйн хэрэглээгээ ч ногоон болгосоор байна. Түүгээр зогсохгүй хүн төрөлхтнийг ногоон замд түүчээлэн явах хүмүүс эмэгтэйчүүд гэдгийг хэдийнэ зарлан тунхаглажээ. Хар, шар, цагаан хэн ч бай аль ч улсын эмэгтэйчүүдэд байгаль эхээ хайрлах, хамгаалах, өөрийнхөө биеэр үлгэрлэх, бусдыг энэ үйлсэд уриалах манлайлал нэмэгдсээр байна. Монгол эмэгтэйчүүд бидэнд ч энэ чанар, сэтгэл зүрх, туршлага, зориг хангалттай байна. Үүний тод жишээ нь өнөөдөр энэ танхимд хуран цугласан та бүхэн билээ.

Монгол орны байгаль орчин өнөөдөр ямар түвшинд ирээд байгааг бид мэднэ ээ. Харж байна, уйлж байна. Төр засгийн алдаатай бодлого, хуулиа хэрэгжүүлдэггүй байдал, цоорхойтой хууль, хариуцлагагүй уул уурхай. Дээрээс нь өнө уламжлалаа умартсан ард түмэн. Энэ мэт хүчин зүйлээс зөвхөн Хөвсгөл далай гэхэд хэрхэн бохирдож, ашиг хонжоо хайгчдын бай болчихоод байгааг илтгэгчдийн илтгэлээс та бүхэн сонслоо.

Ус бол стратегийн гол бүтээгдэхүүн. Тэр дундаа Монгол орны цэвэр усны 70 хувийг бүрдүүлж байгаа Хөвсгөл нуур бол Монгол Улсын онцгой обьект. Хөвсгөл нуур зөвхөн Монголоор зогсохгүй дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцдгээрээ олон улсдаа үнэ цэнэтэй, хамгаалах шаардлагатай нуур юм.

Далай ээжийг цаазын тавцан руу чирж байгаа ашиг хонжоо хайгчдын савраас хамгаалах хамгийн гол хамгаалал бол ЮНЕСКО юм. ЮНЕСКО-гийн Байгалийн өвд бүртгүүлснээр Хөвсгөл нуур дархлагдаж бид, бидний үр удам ундны усны хомсдолд орох эрсдлээс аврагдах юм.

Ээжүүд ээ, эмэгтэйчүүд ээ!

Далай ээж-Хөвсгөл нуураа Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх санаачлагад нэгдэж гарын үсэг зурахыг уриалж байна.

 

"Далай Ээж" Олон улсын хөгжмийн үдэш

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн дэлхийн байгаль-соёлын өвд бүртгүүлэх ажлыг сурталчлах "Далай Ээж- Эко Соёл"-ын аянд зориулсан хандивын тоглолт.

Түгээмэл эрхийн төлөө! Сонгодог урлагийн тоглолт

Түгээмэл Эрхийн Тунхаглал батлагдсаны 70 жилийн ойд зориулан сонгодог урлагийн олон улсын тоглолт зохион байгууллаа. Энэхүү тоглолт нь сонгодог урлагийн мастерууд болон хуульчид хамтран хүний эрхийг сурталчилсан өвөрмөц арга хэмжээ болсон юм. Хамтран зохион байгуулсан, дэмжсэн бүх байгууллага, хувь хүмүүст талархлаа илэрхийлье!


Олон улсын симпозиум 2019

"Усны эрх-Хүний Эрх"
Далай Ээж-Эко Соёл Аяны хүрээнд

2019 оны 07 дугаар сарын 08-д "Далай Ээж" төслийн хүрээнд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Усны эрх-Хүний эрх: Хөвсгөл далайн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд олон улсын эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид, салбарын мэргэжилтнүүд оролцлоо. Тус хурал нь Хөвсгөл далайг байгаль, экологи, тээвэр, орчны  бохирдлоос урьдчилан сэргийлэх, хүрээлэн буй орчин хүний эрхийн асуудлаар санал солилцон цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлон, төр иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор амжилттай зохион байгуулагдлаа.

 

Олон улсын симпозиум 2018

Үг хэлэх эрх, эрх чөлөө
Түүхэн ач холбогдол ба одоо үе

Олон улсын симпозиум 2017

Арбитр ба шүүхийн харилцан ажиллагаа: Тулгарч буй асуудлууд

"Түгээмэл Эрх" ТББ нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитр, Монгол улсын эрдмийн их сургуультай хамтран 2017.06.08-ны өдөр “Шүүх ба арбитрын харилцан ажиллагаа-Онол практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. 

 

Contact Seller