Хүндэт доктор болов.

АНУ-ын иргэн, проф. Филип Хименезид МУЭИС-ийн хүндэт доктор цол олгов

2018 оны 06-р сарын 19 өдөр, 04:27

АНУ-ын Калифорниа мужийн Санта Клара дахь Санта Кларагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Филип Хименез МУЭИС-ийн “Хүндэт доктор” боллоо.

Профессор Филип Хименез нь Олон улсын бизнесийн хууль, Зѳрчлийн хууль, Иргэний процессын хууль, Зүүн Азийн орнуудын бизнесийн эрх зүйн соёлын чиглэлээр мэргэшсэн ажээ. Тэрбээр Ютагийн их сургуулийн Хуулийн сургуулийг бакалавр зэрэгтэй тѳгсѳж, Беркелигийн их сургуулийн Болт Холлын Хуулийн сургуульд хууль зүйн  ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн, судлаач хүн юм. Профессор Филип Хименез нь олон улсын хамтын ажиллагаа болон хуулийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж яваа эрдэмтэн бөгөөд Тайланд, Солонгос зэрэг улс орнуудын Хууль зүйн яаманд хууль зүйн зөвлөгөө өгөх, Япон, Өмнөд Солонгос, Хонг-Конг, Сингапур, Тайланд, Вьетнам, Австри, Унгар зэрэг улс орнуудад Санта Кларагийн их сургуулийн хууль эрх зүйн төсөл хөтөлбөрийг хариуцан амжилттай хэрэгжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Филип Хименез Монгол оронд хэдэнтээ айлчлан ирж Монгол улсын хууль, эрх зүйн орчныг дэлхийн глобал хуулийн соёл хөгжиж буй өнөөгийн нөхцөлд Монгол орны хууль эрх зүй, хуульчдын өмнө тулгамдаж буй асуудал, эрэлт хэрэгцээг тодорхойлох, хуульчдын боловсролын асуудал, цаашилбал Монгол орны хууль эрх зүйг төлөвшүүлэн хөгжүүлэх чиглэлд өөрийн оюун ухаан, хөдөлмөрөө зориулж явна.

Тэрбээр Монгол улсад улс түмнүүдийн  харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хууль эрх зүйн салбарын болон нийгэм-хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулж байна.

Түүний Монгол улсад хийж бүтээж буй зарим  ажлаас дурьдвал: 2013 онд анх Монгол улсын хууль зүйг яамны шугамаар уригдан ирсэн цагаас хүний эрхэд суурилсан хууль зүйн орчин, хууль зүйн боловсролыг хөгжүүлэх болон хуулийн сургалтыг оновчтой зохион байгуулахад чиглэгдсэн цуврал лекцүүдийг уншиж байна.

Түүнчлэн 2014, 2016, 2017 онуудад Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхим, Монгол улсын Эрдмийн их сургууль зэрэг байгууллагуудтай хамтран Монгол улсад олон улсын эрдэм шинжилгээний хурлыг санаачлан зохион байгуулж, мэргэжил нэгт өөрийн хамтран зүтгэгчид, дэлхийн нэртэй хуульч, эрдэмтдийг уриалан илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

Профессор Филип Хименез нь Монгол Улсын Эрдмийн Их сургуульд Эрх зүйн эрдмийн зэргийн боловсрол олгох магистрын хөтөлбөрийг нээн хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсаныг болон Монгол улсын эрх зүйн хөгжил, хамтын ажиллагаанд тууштай хүчин зүтгэж байгааг нь үнэлэн МУЭИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “МУЭИС-ийн Хүндэт доктор” цол олгохоор болсон юм. Энэхүү хүндэтгэлийн Ёслолын арга хэмжээнд МУЭИС-ийн захирлын урилгаар АНУ-ын иргэн “Санта Клара” их сургуулийн профессор Филип Хименез өөрийн биеэр ирж амжаагүй тул түүнийг төлөөлөн хүү Жозеф Хименез  болон хамтын ажиллагаат байгууллагын зочид, төлөөлөгчид болох Кёотогийн их сургуулийн профессор Танигүчи, Сөүлийн Үндэсний Их сургуулийн профессор Кёонг Ван Ан, Сөүлийн Үндэсний Их сургуулийн хуулийн сургуулийн профессор Жонг Сан Жо, ноён Эцуо Дой, ноён Ж.Филип Хименез нарын хууль зүйн салбарын эрдэмтэн, профессорууд  МУЭИС-д айлчиллаа.

2018.06.16-ны өдөр Профессор Филип Хименезид МУЭИС-ийн “Хүндэт доктор” цолны диплом, өмсгөлийг гардуулсан баярт үйл явдлын дараа Хууль зүйн Эрдмийн сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнууд эрхэм хүндэт зочид төлөөлөгч нартай олон улсын эрх зүйн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.