Эко Эмэгтэйчүүдийн Анхдугаар Чуулган 2019

2019 оны 3 дугаар сарын 01-д Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж Эко тодотголтой чуулга уулзалтыг Түгээмэл эрх хөгжил, Хөвсгөл далайн эзэд, Байгаль орчны эмэгтэйчүүдийн сан, Ногоон эвсэл ТББ-ын тэргүүн эмэгтэйчүүд санаачлан зохион байгууллаа. Бид жил бүр уламжлал болгон энэхүү үйл ажиллагаагаа өрнүүлэх төдийгүй Ази номхон далайн бүс нутгийн эко эмэгтэйчүүдийн чуулга уулзал болгон өргөжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй ажиллаж байна. Чуулганаас Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д дэлхийн байгалийн өвөөр бүртгүүлэх уриалга гаргаж оролцогчид санал нэгтэйгээр дэмжин гарын үсэг зурах аян өрнүүлсэн билээ. Гарын үсэг зурах аян болон бусад арга хэмжээг дараа жилийн чуулган болтол үргэлжлүүлэн хийх юм. Бидний эхлүүлсэн ажил амжилттай болоход НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Эмнести Интернэйшнл, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Байгаль Бэйкэри, Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн хамт олны сэтгэл харамгүй, шуурхай тусламж дэмжлэг маш их байлаа.